УИХ-ын зарим гишүүн болон Монголбанк хамтран Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьсан бөгөөд тус асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн Баасан гарагаас хэлэлцэж эхлээд байна. 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид гэж нэлээд яригдаж байгаа. Үүнийг банкны нэр томьёогоор тусгай хадгаламж гэдэг бүтээгдэхүүн гаргадаг. Тусгай хадгаламж эрэлт нийлүүлэтээр зохицуулагдаж байгаа ч нөгөө талдаа зардлыг огцом өсгөж байгаа. Үүнийг хуулиар зөв зохицуулж өгнө. Үүний дараа өндөр дүнтэй хадгаламж хаачих вэ гэдэг асуулт гарч болно. Энэ нь давуу байдал үүсгэж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломж нээгдэнэ гэж харж байгаа” гэж төслийн талаар танилцуулахдаа хэлж байсан юм.

Өөрөөр хэлбэл, арилжааны банканд өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчдийн асуудал яригдаж байна.

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Л.Энх-Амгалан гишүүн “Одоо байгаа 17 их наяд төгрөгийн хадгаламжийг 10 мянга орчим хүн эзэмшиж байна. Хадагламжийн хүү өндөр байгаагаас болж зээлийн хүү өндөр байдаг. Гэтэл хадгаламжийн хүү өндөр байгаа нь их хадгаламжтай хүмүүсээс болж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголд зээлтэй 2.7 сая хүний эрх ашгийг бодох уу, хадгаламжтай 10 мянган хүний эрх ашгийн бодох уу л гэдэг асуудал юм” гэж байлаа.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний хэлснээр өндөр хадгаламжтай хүмүүсийн мөнгийг хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулалт хийх зохицуулалт хийнэ гэж тайлбарласан. Тэгвэл УИХ-ын гишүүд энэхүү тогтоолын төслийг батлах сонирхол бий эсэх нь эргэлзээтэй.

Учир нь одоогийн парламентын 76 гишүүний 25 хувь нь гэхэд 200 саяас дээш хадгаламжтай хүмүүс байна. Үүн дотор нэгээс дээш тэрбумын хадгаламжтай 10 хүн байгаа бол 1.5 тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай найман хүн байна. 

График 1, 200 сая төгрөгөөс дээш хадгаламжтай УИХ-ын гишүүд: (Эх сурвалж: ХОМ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *