Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкны салбар нь олон нийтийн итгэл дээр тогтож эх үүсвэр татаад түүнийгээ зээл болгон гаргадаг. Өөрөөр хэлбэл эмзэг салбар. 

Монголын банкны секторт 35 орчим их наяд төгрөг эргэлдэж байна. Нийт зээлийн хэмжээ нь 17 их наяд төгрөг. Ипотекийн зээлийг оруулж тооцвол 20 гаруй их наяд төгрөг болно. Өөрөөр хэлбэл ийм их мөнгийг эдийн засагт эргэлдүүлж байдаг салбар. Зарим нэг болчимгүй мэдээллээс болоод доргих магадлалтай салбар. Тиймээс ч өнөөдөр бид албан ёсоор байр сууриа илэрхийлж байна. 

Өчигдөр Үндэсний аудитын газрын дэд дарга хоёр том банк эрсдэлтэй байгаа гэсэн мэдээлэл хийсэн.

Монголд системийн нөлөө бүхий таван банк байдаг. 

Үүнд:

  • ХААН,
  • Худалдаа, Хөгжлийн Банк,
  • Голомт,
  • Хас Банк,
  • Төрийн Банк багтдаг. Таван том банк нь банкны системийн 85 хувийг эзэлдэг гэлээ.

Монголын нийт санхүүгийн салбарын 90 хувь банкны салбартай холбогддог. Өөрөөр хэлбэл, нийт санхүүжилтийн 90 хувь банкнаас гарч байна гэж хэлж болно. Миний дээр хэлсэн 35 их наяд төгрөг гэдэг бол улсын төсвөөс 3.5 дахин том тоо юм. 

Монголбанк хуулийн хүрээнд банкны салбарт хяналт, шалгалтаа хийж байгаа. Өнөөдрийн байдлаар санхүүгийн салбар тогтвортой байна. Үүн дотор таван том гэгдээд байгаа банкны бүх зохистой харьцаа хангагдаад явж байгаа” гэлээ.

Мөн тэрбээр “2017 онд хэрэгжиж эхэлсэн Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад Активын чанарын үнэлгээ хийсэн.

2018 онд 14 банкны хэмжээнд 500 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх шаардлага байгааг мэдэгдсэн. Энэ шаардлагад долоон банкийг нэрлэсэн. Энэ процесс үргэлжлээд явж байгаа.

Эдгээр долоон банкаас нэг нь болох Капитал банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүйгээс татан буугдсан. Капитал банканд байсан Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 233 тэрбум төгрөгийг гаргаж авахаар Монголбанкны эрх хүлээн авагчид ажиллаж байгаа. 

Үүнтэй холбоотой мэдээлэл хийхдээ л алдаатай мэдээллийг өчигдөр хийсэн байна гэж дүгнэж байна.

Өнөөдрийн байдлаар нөлөө бүхий таван банканд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын 900 тэрбум төгрөг байршиж байгаа. Үүнд ямар ч төлбөр тооцоо саатсан зүйл байхгүй байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эрсдэлтэй зүйл байхгүй.

Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай үлдсэн банкуудаас одоогоор хоёр том банк хөрөнгийн эх үүсвэрээ татсан Монголбанк хоёрдугаар зэрэглэлийн эх үүсвэрээр бүртгэсэн. Нэгдүгээр зэргийнх болгохын тулд олон улсын аудитын байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Дүгнэлт гаргахад коронавирусийн хөл хорионы улмаас удаашрал үүсч байгааг хэлэх хэрэгтэй.

Мөн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага бүхий хоёр жижиг банк буюу Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкуудын татсан эх үүсвэрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа” гэлээ.

ОУВС-ын хөтөлбөр энэ оны тавдугаар сард дууссан. Хөтөлбөр хэдийгээр дууссан ч өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, банкны салбарыг чадавхжуулах ажлууд үргэлжилж байгааг Монголбанк мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *