Европын хөл бөмбөгийн холбооноос зохиодог клубүүдийн дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тоглолтод Францын Парис Сент-Жермейн /ПСЖ/ клуб өрсөлдөгч Германы Лайпзиг клубийг 3-0 харьцаагаар хожсоноор анх удаа Аваргуудын лигийн финалд шалгарсан юм.

Тэгвэл тэдний дараагийн өрсөлдөгч хэн байх вэ? Шөвгийн дөрвийн үлдсэн тоглолт Улаанбаатарын цагаар ирэх шөнө 03:00 цагаас Германы Байерн Мюнхен, Францын Лион клубүүдийн хооронд болно.

ПСЖ клубээс тоглолтын эхний гоолыг 13 дахь минутад чөлөөт цохилтоос өгсөн Анхель Ди Мариагийн дамжуулалтаар Бразил хамгаалагч Маркүиньос мөргөж хийсэн. Харин нэгдүгээр үеийн үндсэн цаг дуусахаас 3 минутын өмнө буюу 42 дахь минутад Неймарын дамжуулалтаар Аргентин тоглогч Анхель Ди Мариа гоол оруулсан юм.

Хоёр дахь гоол Лайпзиг клубийн хаалгач Петер Гулакцигийн алдаанаас үүдэж орсон бол гурав дахь гоол хамгаалагч Мукиелэгийн алдаа байв. Хоёрдугаар үеийн 56 дахь минутад Хуан Бернат гоолдсоноор тооны харьцаа 0-3 болсон юм.

Финалд анх удаа шалгарсан ПСЖ клуб тэмцээний шөвгийн дөрөвт хамгийн сүүлд багийн шилдэг тоглогч Килиан Мбаппег төрөхөөс гурван жилийн өмнө буюу 1995 онд шалгарч байв. Ийнхүү 25 жилийн хүлээлт болон сүүлийн таван жилийн хөдөлмөрийн ачаар тэд Европын дээд тавцанд хүч үзнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *