Монгол Улс оны эхний таван сард 24.8 сая ам.долларын газрын тос экспортолж, 273 сая ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна.

Өөрөөр хэлбэл нефтийн салбарт 248 сая ам.долларын алдагдалтай худалдаа хийгээд байна. Автобензиний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад долоон хувиар буурч, 206 мянган тонн болжээ. Мөнгөн дүнгээр 20 хувиар буурч, 101.8 сая ам.доллар болсон байна. Дизель түлшний импорт жилийн өмнөхөөс 20 хувиар буурч, 335.3 мянган тонн болсон бол мөнгөн дүнгээр 34 хувиар буурч, 171 сая ам.доллар болжээ.

Цар тахлын нөлөөгөөр дотоодод газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ буураад байна. Ялангуяа уул уурхайн салбарын экспортын тасалдал, хүндрэлээс үүдэж үүнийг дагасан газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ буурсан талаар шатахуун импортлогчид мэдээлж байгаа юм.

Үүнээс гадна “Роснефть” компани Монгол Улсад нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнээ бууруулаад байна. Үүнтэй уялдаж гуравдугаар сараас хойш жижиглэнгээр борлуулж байгаа АИ-92 автобензиний үнийг нэг литр тутамд нь 475 төгрөг, АИ-80 380 төгрөг, АИ-95 440 төгрөг, дизель түлшний үнийг 590 төгрөгөөр бууруулжээ.

Оны эхний таван сард 670.7 мянган баррель түүхий газрын тосыг 24.8 сая ам.доллароор экспортолсон байна. Жилийн өмнөхтэй харьцуулахад биетээр 75 хувиар, үнийн дүнгээр 84 хувиар буурчээ.

“Петрочайна дачин тамсаг” компани Баянхошуу боомтоор, “Доншин” газрын тос компани төмөр замаар экспорт хийж байна. Өнгөрсөн хугацаанд төмөр замын экспорт тасалдаагүй. Харин Баянхошуу боомтын экспорт тодорхой хугацаанд тасалдсаны дараа эргэн сэргээд байгаа юм. Экспортод ямар нэгэн саад байхгүй байгааг АМГТГ мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *