УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, Н.Номтойбаярт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Ингэхдээ прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорихоор болсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр яллагдагч нарын өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан байна.
Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг түүний өмгөөлөгч Н.Мандах мэдээлсэн. Мөн мөрдөгчтэй утсаар ярьсан гэх асуудлыг үгүйсгэсэн бөгөөд хэргийн холбогдогч нараас ганц Н.Номтойбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь улс төрийн зорилготой хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.