Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Зөвлөгөөн өнөөдөр болсон бөгөөд хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан тул Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилуулахаар болсон байна.
2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болж, олонхын саналаар Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэхээр болж байсан. Тухайн үед дөрвөн шүүгч нэрээ дэвшүүлсэн ч хоёр шүүгч нэрээ татаж, Х.Батсүрэн, Д.Ганзориг үлдэж байсан юм. Улмаар Хөхөөсүрэнгийн Батсүрэн 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.
Харин өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дээд шүүхийн шүүгч, алба хаагчдад Ерөнхийлөгчийн Х.Батсүрэнг чөлөөлөх зарлигийг танилцуулж, Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болгосон юм.
Ерөнхий шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээд буй Д.Ганзориг нь МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар 5 жил, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчээр 9 жил, Улсын дээд шүүхэд шүүгчээр 6 жил, нийт 20 жил ажилласан туршлагатай.