УИХ-ны гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийж байна.
Хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт өргөн барьсан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор 15 бүлэг 126 зүйлтэйгээр шинэчлэн өргөн барьсан байна.
Хуулийн төслийн онцлогийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тайлбарлахдаа,
- Анхдугаар чуулганыг зохион байгуулах талаар нэлээд өөрчлөлт хийсэн. Таваас дээш түр үнэмлэхтэй гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, насаар хамгийн ахмад нь ахална.
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, Засгийн газрын гишүүн тангараг өргөх зарчмыг авч үзсэн. УИХ Засгийн газрын гишүүдийг томилохгүй ч нэг бүрчлэн танилцуулж, асуулт асуухаар зохицуулсан.
- Хуулийн төслийг нийт дөрвөн үе шаттайгаар батална. Хэлэлцэх эсэх, олон нийтээс санал авах шаардлагатай бол авах бөгөөд анхны хэлэлцүүлгээс өмнө саналыг авна. Мөн хуулийн төсөл бусад хуультай нийцсэн эсэх талаар эрхзүйн дүгнэлтийг гаргадаг болно гэв.
Үүнээс хамгийн чухал нь буюу хууль батлах босгыг хоёр дахин өндөрсгөж өгсөн байна. Одоо 39 гишүүнээр ирц бүрдэж, түүнээс дийлэнх нь дэмжсэнээр хууль баталж буй. Тэгвэл хуулийн төсөлд дэмжсэн гишүүдийн тоо 39+ байхаар тусгажээ. Ингэснээр хууль батлах босгыг өндөрсгөж байгаа бөгөөд хууль батлая гэж байвал гишүүдийнхээ ирцийг өндөр байлгах зайлшгүй шаардлагатай болж байгааг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлсэн юм.