Энэтхэгийн Гукеш Доммаражу шатрын дэлхийн аварга гэх эрхэм цолоо хамгаалахаар Швейцарийн Женев хотод хүрэлцэн ирлээ. Энэ удаад түүний цолонд Узбекистаны Жавохир Синдаров шунаж буй. Хоёр мэргэн ухааны уран нүүдлүүд маргааш/2026.11.24/ эхэлж, арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.
Гукеш, Синдаров нийт 14 удаа тоглох ёстой бөгөөд түрүүлж 7.5 оноонд хүрсэн нь ялагчаар тодрох учиртай.
Ялалт нэг оноо, тэнцээ 0.5 оноо, ялагдал тэг оноо авчирна. Хэрэв 14 өргийн дараа 7-7 гэж тэнцвэл шийдвэрлэх тоглолт арванхоёрдугаар сарын 12-нд болох хуваарьтай.
Хоёр тамирчин нийт 2.5 сая ам.долларыг хуваан хүртэх бөгөөд ялалт бүртээ 200 мянган ам.доллар авч, үлдсэнийг нь тэнцүү хуваах гэнэ. Гэхдээ нэг нь л дэлхийн аварга гэсэн цолтой гэртээ харина.
Гукешийн эсрэг Синдаров
Гукеш 2024 онд Хятадын Дин Лижэнийг Сингапурт хожиж, 18 насандаа дэлхийн аварга болж байлаа. Харин Синдаров 2025 онд дэлхийн цомд түрүүлж, 2026 онд дэлхийн аварга цолыг горилогчдын тэмцээнд түрүүлсэн түүхтэй. Горилогчдын тэмцээнд Синдаров 14 тоглолтоос нэг ч хожигдолгүй 10 оноотой түрүүлсэн. Улмаар Гукештай сэнтий булаалдах эрхийг олж авсан юм.
Шатрын сонгодог төрөлдөө Синдаровын хувьд Гукешд хожигдож үзээгүй. Хоёр хожиж, нэг тэнцжээ.

Шатрын дэлхийн аваргын түүх
1886 онд Вильгельм Стейниц шатрын анхны дэлхийн аварга болсноос хойш 140 гаруй жилийн хугацаанд ердөө 21 хүн л энэ эрхэм алдрыг зүүжээ. Түүхийг харвал эхэн үедээ европчуудын давамгайлал дор байсан. Германы Эмануэл Ласкер 1894-1921 он хүртэл 27 жилийн турш дэлхийн аварга гэж дуудуулсан.
Харин дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын эрин үе эхлэв. 1948-1972 он хүртэл Михаил Ботвинникоос эхлээд зөвхөн ЗХУ-аас л аваргууд мэндэлсэн.
Үүнийг нь 1972 онд АНУ-ын Бобби Фишер төгсгөж, Борис Спасскийг буулгасан юм. Фишер болон Спасский нарын тулаан дан ганц шатрын өрөг дээр өрнөөгүй. Энэ бол хүйтэн дайны үргэлжлэл өрөг дээр гарсан үе байлаа.
Гэхдээ 1975 оноос ЗХУ эргэн ноёлов. Алдарт Анатолий Карпов, Гарри Каспаров нарын ривал хоёр аравныг эрхшээсэн. Сонирхолтой нь, 1993 онд Каспаров Олон улсын шатрын холбоотой өрсөлдөхүйц Мэргэжлийн шатрын холбоо гэгчийг байгуулж, 2006 он хүртэл тусдаа дэлхийн аваргаа тодруулдаг боллоо.
Ингээд 2006 онд талууд нэгдсэнээр өнөө үетэй золгов. Норвегийн Магнус Карлсен 2013-2023 он хүртэл ноёлсон.

Өнөөгийн форм
Дээрх хоёр тамирчны яг өнөөгийн формыг харвал Синдаров илүү нь. Узбекистаны багтайгаа 2026 оны шатрын олимпиадад түрүүлж, хувийн дүнгээр хүрэл медаль хүртсэн. Мөн сүүлийн нэг жил хагасын хугацаанд үзүүлсэн амжилт нь Гукешийг дагуулахгүй.
Тэгвэл Гукешийн хувьд 2024 онд хамгийн залуу дэлхийн аварга болсноос хойш уналтад орж, өдгөө дэлхийн чансааны 26 дугаарт эрэмбтэй явна. Гэхдээ дэлхийн аварга болсон туршлага нь хаа холдох вэ.