Мэдэгдэл
Монгол Улс жил бүр авто тээврийн хэрэгсэл, сэлбэгийн импортын төлбөрт 500 гаруй сая долларыг зарцуулж байна. Энэ нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах хоёр дахь том шалтгаан бөгөөд 1990 оноос хойш олон арван тэрбум долларыг хуучин автомашин болон бүрэн бус техник, хэрэгсэл тэдгээрийг худалдан авах, засахад зарцуулжээ.
Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, орлого бага иргэдэд тохирсон үнийн бодлого, логистикын оновчтой системийг үүсгэхэд анхаарч, дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалтай орны иргэдийн хувьд авто тээврийн хэрэгсэл худалдан авах хамгийн дөт шийдэл нь импортыг дэмжсэн, хуучин автомашины худалдаа болсоор байгаа юм.Үүнтэй холбоотойгоор буруу талдаа жолооны хүрдтэй, бүрэн бус, хугацаа нь дууссан эд анги бүхий авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, байгаль орчин, хүн ам, эрүүл мэнд, хөдөлгөөний аюулгүй байдал зэрэгт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй улмаар энэ асуудал нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна.
Эдгээр олон төвөгтэй асуудлыг шийдэх цогц гарц, эдийн засгийг дэмжих тулгуур хүчин зүйл нь бага шатахуун иддэг дотоод шаталтад болон цахилгаан хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг Монголдоо үйлдвэрлэх, угсрах явдал юм.
Үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч залуучууд зориглон дээрх төслүүдийг Монголдоо хэрэгжүүлж, эхний авто тээврийн хэрэгслээ танилцуулж, туршилтаа амжилттай гүйцэтгэж байна. Гэвч гаалийн болон онцгой албан татвар, бусад холбогдох татвар нь импортоор машин оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдийн санал болгож буй үнэтэй өрсөлдөх боломжийг олгохгүй байна. Төрийн байгууллагууд, тендер зарлахдаа гадны автомашины техникийн үзүүлэлтэд тохируулах, цаашлаад брэндийн нэрийг зааж өгч байгаа зэрэг нь үндэсний үйлдэрлэгчид давуу эрх олгох боломжийг хаасан, орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ авах хуулийг зөрчсөн үйлдэл гэж болно.
Мөн зарим нэг импортын автомашины худалдаа эрхлэгч компаниуд үндэсний үйлдвэрлэлийнхээ нэр хүндэд халдах, хуурамч, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл сошиал сүлжээгээр зохион байгуулалттай тараах гэх мэт үйлдэл хийж байгааг холбооны зүгээс цаашид хүлээн зөвшөөрөх аргагүй бөгөөд гишүүн байгууллагуудынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд цаашид шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авч ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна.
Төрийн мэргэн түшээд та бүхэн дээрх хууль зөрчсөн, авилгын гэмт хэргийн шинжтэй худалдан авалтыг зохион байгуулсан төрийн байгууллага, албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, дэлхийг хамарсан корона вирусын цар тахлаас үүдсэн үндэсний үйлдвэрлэгчдэд тулгарч буй эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, шударга, хууль ёсны худалдан авалтын чухлыг анхаарч, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж үлдэхэд төр засгаас бодлогын дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэл сэргэхэд том алхам, чухал түлхэц болох юм.
2020 оны 4 дүгээр сарын 5