Их Британи улс 10 жилийн өмнө Европын холбооноос гарах санал хураалт явуулж, улмаар багахан зөрүүтэй санал хураалтаар тус холбооноос гарч байв. Энэ үйл явцыг “Brexit” гэдэг. Тэгвэл өнөөдөр Их Британи энэ шийдвэртээ харамсаж эхлэв үү? Харамсаж эхэлсэн шинж тэмдэг тодорхой хэмжээнд харагдаад эхэлсэн гэж “Al Jazeera” дүгнэжээ.
10 жилийн өмнөх санал хураалт талцал дагуулсан таагүй үйл явдал болж байв. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Британи Европын холбооноос гарах эсэх асуудлаас болж хосууд, гэр бүлүүд хүртэл маргаж, муудалцаж байжээ.
Европын холбооноос гарах, эсвэл үлдэх гэсэн ялгаатай байр суурь нь хүмүүс өөрсдийгөө болон өөрчлөгдөж буй дэлхийд эх орноо хэрхэн харж байгааг илэрхийлэх нэг төрлийн бэлгэдэл болсон юм. “Brexit”-ийн кампанит ажил өрнөх явцад маргаан зөвхөн эдийн засаг, улс төрийн асуудлаар хязгаарлагдаагүй, харин британичууд өөрсдийгөө хэн гэж үзэх, ямар үнэт зүйлтэй улс байх ёстой, хэнд харьяалагдах ёстой вэ гэсэн илүү гүнзгий асуудал руу шилжсэн.
“Brexit”-ийг дэмжигчид болон зарим шүүмжлэгч дараагийн засгийн газруудын Европын холбоотой байгуулсан хэлэлцээрүүдийг 2016 оны санал асуулгаар ард иргэдийн сонгосон шийдвэрээс ухарсан, тэр сонголтыг гуйвуулсан хэрэг гэж үзэж байв. Өөрөөр хэлбэл, “Brexit”-ийн дараах харилцааг зохицуулахын тулд Европын холбоотой хийсэн хэлэлцээрүүд анхны “гарах эсвэл үлдэх” гэсэн агуулгаасаа хальсан гэж шүүмжилж байна. Британи Европын холбооноос гарсан гэсэн хэрнээ одоо хэр нь тус байгууллагаас хамааралтай хэвээр байна гэж шүүмжлэгчид үзэж буй юм.
Ингэж үзэх үндэслэл ч бий. Их Британи одоо ч гэсэн Европын холбоотой худалдааны бат бэх түншлэлтэй хэвээр.
Түүнчлэн Их Британи болон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын дараа хийгдсэн цуврал хэлэлцээрүүдийн эхлэлийг Британийн ерөнхий сайд Энди Бёрнхэм олон жилийн өмнө эвдэрсэн харилцааг сэргээх чухал алхам гэж сайшаажээ. Гурван үндсэн чиглэлийг хамарсан эдгээр хэлэлцээр нь худалдааны хязгаарлалтыг бууруулах, залуучуудын хилийн чанадад ажиллаж, амьдрах боломжийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн татвартай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна. Бёрнхэм эдгээрийг Их Британид ашигтай хэлэлцээр гэж тодорхойлсон бөгөөд Их Британийг Европын холбооны нөлөөллийн хүрээнд буцаан ойртуулах эхний алхам гэж үзэж байна.
ИХ БРИТАНИ ҮНЭХЭЭР ШИЙДВЭРЭЭСЭЭ БУЦАХЫГ ХҮСЧ БАЙНА УУ?
Их британичуудын дунд Европын холбооноос гарсандаа огт харамсдаггүй хүн мэдээж олон. Үүний зэрэгцээ Европын холбооны нэгдсэн зах зээл болон гаалийн холбооноос гарснаар тодорхой ашиг гараагүй гэж үзэгсэд ч бий. Харин ч эсрэгээрээ илүү их бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болж, хил дээр шалгалт нэмэгдэн, хамгийн том экспортын зах зээл болох Европын холбоотой худалдаа хийхэд хүндрэл учирсан гэж тэд үзэж байна.
Европын холбоонд эргэн нэгдэх тухай санал асуулгад “мэдэхгүй” гэж хариулсан хүмүүсийг эс тооцвол оролцогчдын 62 хувь нь дэмжсэн хариу өгчээ. Харин 38 хувь нь холбоонд нэгдэхийг дэмжихгүй байна. Яадаг ч байлаа гэсэн их британичуудын 2016 оны байр суурь өөрчлөгдсөн гэдгийг санал асуулгын шинжээч Жон Көртис хэлжээ.
Зарим шинжээчийн үзэж буйгаар, Их Британи нэг дор бичиж баталсан нэгдсэн Үндсэн хуульгүй улс учраас засгийн газар нь Европын холбоотой тохиролцож чадвал дахин гишүүнээр элсэх үйл явцыг эхлүүлэх хууль зүйн боломжтой. Үүний тулд заавал дахин бүх нийтийн санал асуулга явуулах эсвэл сонгуулийн өмнө намын мөрийн хөтөлбөртөө энэ амлалтыг оруулах шаардлагагүй аж.
Гэвч ийм алхам улс төрийн хувьд зайлшгүй хүнд сорилттой тулгарна.
Лондоны профессор Сионайд Дуглас Скоттын хэлснээр 2016 оны “Brexit”-ийн санал асуулгын дүн нь хуулийн хувьд заавал дагаж мөрдөх ёстой шийдвэр байгаагүй. Өөрөөр хэлбэл, засгийн газар тэр саналын дүнг хэрэгжүүлэхгүй байх хууль зүйн боломжтой байсан. Гэхдээ ард түмний өгсөн саналыг үл тоомсорлох нь улс төрийн хувьд боломжгүй зүйл гэж үзсэн учраас “Brexit”-ийг хэрэгжүүлжээ.
Мөн тэрбээр Их Британийн намууд аливаа бодлогоо хэрэгжүүлэхдээ олон нийтийн итгэлд тулгуурладаг гэдгийг онцолжээ.
Ерөнхий сайд Бёрнхэм дахин санал асуулга явуулах сонирхолтой байж магадгүй юм. Учир нь олон нийтийн байр суурь хангалттай өөрчлөгдөж, дахин нэгдэхийг дэмжсэн тал нь ялах бүрэн боломжтой болсон байх магадлалтай. Эрх баригч Хөдөлмөрийн намын зарим өндөр албан тушаалтан дахин нэгдэх асуудлыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулахыг эрмэлзэж байж болох юм.
Их Британи эргэн нэгдлээ гэхэд эргэлзээтэй асуултууд бий. Эргэн нэгдэх тохиолдолд ямар нөхцөл болзолтой байх, өмнө нь татгалзаж байсан еврог хэрэглэх шаардлага тавигдах эсэх, Франц, Герман, Испани зэрэг нөлөө бүхий гишүүн орнуудын сонгуулийн дараа Европын холбооны бүтэц зохион байгуулалт ямар болох зэрэг асуулт үүнд багтана.
Санал асуулгуудыг харвал Европын холбоонд дахин нэгдэх, эсвэл зүгээр л харилцаагаа илүү ойртуулах гэсэн хоёр хувилбарын хооронд багагүй ялгаа байгаа аж. Хүмүүст Европын холбоотой ойр харилцаатай байх хувилбарыг санал болгоход дахин нэгдэхийг дэмжих хувь буурч байжээ. Гэхдээ ойр харилцааг дэмжигчдийн дэмжлэг төдийлөн хүчтэй биш. Эсрэгээрээ дахин нэгдэхийг дэмжигчдийн дэмжлэгийн хувь хамаагүй өндөр байгаа аж.
ЭСЭРГҮҮЦЭГЧИД Ч ХҮЧТЭЙ БАЙНА
Европын холбоонд эргэн нэгдэх, аль эсвэл харилцаагаа ойртуулахыг дэмжигчид байгаагийн нэгэн адил эсэргүүцэгчид ч байна. “Brexit”-ийн кампанит ажил 10 жилийн өмнө өрнөж байхад хамгийн хүчтэй байр суурь илэрхийлж байсан хүн бол “Reform UK” намын дарга Найжел Фараж. Тэрбээр өнөөдөр ч бас ерөнхий сайд Энди Бёрнхэмийг эсэргүүцэхээр гарч ирээд байна.
Түүнээс гадна ерөнхий сайд асан Борис Жонсон болон түүний засгийн газрын хуучин холбоотон Майкл Гоув нар дахин гарч иржээ.
Тэд Их Британи улс Европын холбоонд буцаж элсвэл, эсвэл анхнаасаа гишүүн хэвээр үлдсэн бол улс оронд ямар их хэмжээний мөнгөний зардал гарах байсан тухай мэдээллүүдээ дахин гаргаж ирж эхэлсэн байна. Гэхдээ энэ мэдээллүүд нь баримт нотолгоо багатай юм.
Нөгөөтэйгүүр, “Brexit”-ийн асуудал өнөөдөр 10 жилийн өмнөх шиг хүмүүсийн анхаарлын төвд байхаа больсон гэдгийг профессор Ананд Менон хэлж байна. 2016 оны маргаан маш ширүүн, нийгмийг талцуулсан шинжтэй байсан учраас зарим хүн тэр үеийн зөрчлийг дахин эхлүүлэхийг хүсэхгүй байгаа аж.
Үүний зэрэгцээ энэ асуудал 10 жилийн өмнөх шиг улс төрийн ач холбогдолтой байхаа ч больсон. Иргэд одоо эдийн засаг, амьжиргааны өртөг, эрүүл мэнд, цагаачлал зэрэг асуудлыг “Brexit”-ээс илүү чухал гэж үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA