Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын  санхүүжилтийг 2026 оны наймдугаар сард олголоо. Нийт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн чиглэлийн 127.1 км төмөр замын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, өнөөдрийн байдлаар эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууслаа. Төсөл хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны есдүгээр сард багтаан туршилтын галт тэрэгний хөдөлгөөнийг эхлүүлэхээр зорьж байна.

Төслийн хүрээнд төмөр замын 3 зөрлөг, 4 өртөө, нийт 1200 метр урттай 9 төмөр бетон гүүр, 127 ширхэг ус зайлуулах болон хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төмөр бетон хоолой баригдаж байгаа юм.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор эхний жилдээ 3.5 сая тонн, цаашид 20-25 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатарын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэж, урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана.  

Бүтээн байгуулалтын үр дүнд:

  • Өдөрт 300-1,800 том оврын ачааны автомашин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцохгүй;
  • Түлш, шатахуун, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй 34 төрлийн аюултай ачаа Улаанбаатар хотоор тээвэрлэгдэхгүй;
  • Улмаар нийслэлд байрлаж байгаа төмөр замын 13 ачаа тээврийн терминалыг үе шаттай нүүлгэнэ;
  • Хөшигийн хөндийн тээвэр, логистикийн төв, Зуунмод, Хүннү зэрэг дагуул хотуудын хөгжлийг дэмжих тээврийн суурь дэд бүтэц бүрдэнэ; 
  • 1,000 гаруй байнгын ажлын байр бий болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *