Сөүлд “BTS” хамтлагийн томоохон тоглолт болох гэж буйтай холбогдуулан хотын захиргаа аюулгүй байдлыг өндөржүүлжээ. Энэ Бямба гаригт (2026.03.21) болох тоглолтыг 250 мянга гаруй хүн үзэх төлөвтэй байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихыг анхааруулж, холбогдох байгууллагуудад өндөр бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон байна. Улмаар Сөүлийн зарим хэсэгт терроризмын аюулаас сэргийлэх хамгаалалтын түвшинг нэмэгдүүлжээ.

Тоглолт Гванхвамун талбайд, Кёнбокгун ордны өмнө болно. Энэ нь “BTS” хамтлагийн бүх гишүүн цэргийн албаа дуусгасны дараах анхны бүрэн бүрэлдэхүүнтэй тоглолт юм. Мөн тэд “Arirang” нэртэй шинэ цомгоо тоглолтоос нэг өдрийн өмнө гаргана.

Олон хүн тоглолтыг үзэх тул хотын захиргаанаас 6500 орчим цагдаа болон аврах албаны ажилтанг ажиллуулах юм. Мөн тоглолт руу орох хэсгүүдэд металл илрүүлэгч байрлуулж, ойролцоох барилгуудын нэвтрэх эрхийг хязгаарлана

Дэлхийн нөхцөл байдал хурцадмал байгаа тул халдлага гарах магадлалыг үгүйсгэхгүй гэж албаныхан мэдэгдсэн. Иймээс нэмэлт хамгаалалт, тусгай хүч, замын хаалт зэрэг арга хэмжээ авч байна.

Ойролцоогоор 22 мянган хүн албан ёсны тасалбартай ч үүнээс хэд дахин олон хүн цугларах төлөвтэй байна. Нийт цугларах хүмүүсийн тоо 260 мянга хүрч магадгүй бөгөөд энэ нь 2016 оны томоохон жагсаалуудтай дүйцэх хэмжээ юм. Мөн албаныхан 159 хүний аминд хүрсэн Итэвонийн ослыг дахин давтахгүй гэж үзэж байна. Тоглолтоос гадна хот даяар “BTS”-тэй холбоотой гэрлийн шоу, үзүүлбэрүүд зохион байгуулагдана. Үүний дараа “BTS” дэлхийн аялан тоглолтоо эхлүүлж, 34 хотод тоглохоор төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *