Өглөө босоод нүүрээ угаах, цайгаа чанах, орой усанд орох зэрэг энгийн үйлдлүүд бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг. Харин энэ бүхнийг усгүйгээр хийх боломжгүй. Гэтэл нэг өдөр крантаа нээтэл ус гарахгүй бол амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол? Магадгүй тэр үед л бид ус ямар үнэ цэнтэйг жинхэнэ утгаар нь ойлгох биз. Монголчууд эртнээс “ус бол чандмань эрдэнэ” хэмээн хэлэлцэж ирсэн. Гэвч өнөөдөр бид усаа хэрхэн хэрэглэж байгаагаа тэр бүр эргэцүүлдэггүй. Жишээлбэл, машин угаах, эсвэл ганц аяга угаахдаа ч крантаа удаан хугацаагаар нээж, хэдэн арван литр усыг хий дэмий урсгах тохиолдол бий.

Үнэн хэрэгтээ Монгол Улс усны арвин нөөцтэй орон биш. Судалгаагаар 2030 он гэхэд усны хомсдол үүсэх эрсдэлтэй гэж анхааруулсан байдаг. Ялангуяа хүн ам хамгийн их төвлөрсөн Улаанбаатар хотын хувьд усны асуудал улам чухал болж байна.

Иймээс Улаанбаатар хотын усны нөөцийг хамгаалах, хэрэглээг илүү ухаалгаар зохицуулах зорилгоор Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд “Усны компакт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөр нь хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, хаягдал усыг дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг сайжруулах гэсэн гурван үндсэн зорилготой. Одоогоор төслийн ажлууд үндсэндээ бүрэн дуусч, гүйцэтгэл 98–100 хувьд хүрээд байна.

УЛААНБААТАРЫН УСНЫ НӨӨЦ НЭМЭГДЭНЭ 

Төслийн хүрээнд Биокомбинат болон Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн ундны усны хоёр шинэ эх үүсвэр байгуулж, ус дамжуулах шугам хоолой болон ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг барьжээ. Ингэснээр Улаанбаатар хотын усны хангамжийг жилд ойролцоогоор 50 сая шоо метрээр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Энэ нь нийслэл хотод шинэ, томоохон усны эх үүсвэр нэмж буй чухал алхам юм. Төслийн хүрээнд Туул гол, төмөр зам болон авто замын доогуур орчин үеийн хөндлөн өрөмдлөгийн технологи ашиглан 1500 гаруй метр урттай газар доорх шугам хоолой тавьсан нь Монголын дэд бүтцийн салбарт шинэ туршлага болсон байна. Мөн төслийн хамгийн онцлох хэсэг бол хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр юм. Энэхүү үйлдвэрийг шинэ төв цэвэрлэх байгууламжийн дэргэд барьсан бөгөөд бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус үйлдвэр цэвэршүүлсэн усыг дулааны цахилгаан станцууд руу дамжуулж, тэдгээрийн техникийн усны хэрэглээг хангах юм. Ингэснээр Дулааны цахилгаан станц‑3 болон Дулааны цахилгаан станц‑4-ийн усны хэрэглээний 85 хүртэл хувийг дахин боловсруулсан усаар хангах боломж бүрдэнэ.

Үр дүнд нь жил бүр 18 сая шоо метр буюу 18 тэрбум литр гүний цэвэр ус хэмнэх боломжтой. Үүнийг энгийнээр төсөөлбөл 7200 орчим олимпийн хэмжээтэй усан санг дүүргэх хэмжээний ус юм. Харин 0.5 литрийн савтай усаар тооцвол 36 тэрбум ширхэг савтай устай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, жил бүр 36 тэрбум 0.5 литрийн савтай устай дүйцэх хэмжээний цэвэр усыг газар доор нь хадгалж үлдээнэ гэсэн үг.

Энэ нь дулааны цахилгаан станцуудын хэрэглээнд ашиглах эхний шат төдий юм. Цаашид дахин боловсруулсан усыг автомашин угаалга, зам талбай цэвэрлэгээ, ногоон байгууламж услах, уул уурхайн тоос дарах зэрэг олон салбарт ашиглах боломжтой. Түүнчлэн уг хөтөлбөр нь зөвхөн үйлдвэр, байгууламж барих төдийгөөр хязгаарлагдахгүй. Усны салбарын хууль эрх зүй, байгууллагуудын чадавхыг сайжруулах чиглэлээр дараах ажлуудыг давхар хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Усны үйлчилгээний тарифын шинэ загвар боловсруулах
  • Ус сувгийн байгууллагуудын хөрөнгийн менежментийг сайжруулах
  • Усны чанарын лабораторийг шинэ тоног төхөөрөмжөөр хангах
  • “Бидний ус, бидний ирээдүй” олон нийтийн аян зохион байгуулах зэрэг ажлууд багтаж байна.

Мөн төслийн барилга угсралтын ажилд Монголын олон компани оролцож, 1000 гаруй ажлын байр шинээр бий болжээ.

Эцэст нь ус бол зөвхөн ахуйн хэрэглээ төдий биш. Харин хотын хөгжлийн үндэс, байгаль орчны тэнцвэр, ирээдүй хойч үедээ үлдээх үнэт нөөц юм. Томоохон үйлдвэр байгуулж, шинэ технологи нэвтрүүлэх нь чухал. Гэвч усны ирээдүйг хамгаалах хамгийн том хүчин зүйл нь хүн бүрийн хэрэглээний соёл юм. Крантыг дэмий нээлттэй орхихгүй байх, усыг хий дэмий урсгахгүй байх, дахин ашиглахыг дэмжих зэрэг энгийн дадал зуршил ч асар их үр нөлөөтэй. Учир нь ус өнөөдөр бидэнд энгийн мэт санагдаж болох ч маргаашийн хойч үед үлдээх үнэт баялаг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *