БАГАНУУР ХК-ИЙН ТУХАЙ

  1. Багануур ХК нь  1978 онд байгуулагдсан эрчим хүчний нүүрсний хэрэглээний 60 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай. Өвөл хаяанд ирээд байгаа энэ үед Багануур ХК өвлийн бэлтгэл ажлаа 100 хувь хангаж чадаагүй байна.
  2. Нүүрсний үнийг төр хатуу барьж зах зээлийн үл үзэгдэх механизмыг хүчээр өөрчлөх гэсээр өнөөдрийг хүрсэн. Түүний үр дүнд өнөөдөр улсаараа эрчим хүчгүй болоход ойрхон байна. Нүүрсний үнэ нэмэх асуудал нь зөвхөн “Багануур” ХК, уурхайн сайн сайхны төлөө асуудал биш юм. Дүүрэг орон нутаг, Эрчим хүчний салбар, Үндэсний аюулгүй байдал, цаашдлаад Монгол Улсын Хөгжилд асар чухал ач холбогдолтой.
  • Багануур ХК хоногт дунджаар 12000 тонн нүүрс олборлон станцуудад нийлүүлдэг. Гэвч нүүрсний үнэ, өртөгийн зөрүүнээс хоногт л 131 сая төгрөгийн алданги, сард 3.9 тэрбум гаран төгрөгийн алдагдал хүлээдэг. Төр нэг гараараа Багануурын уурхайн нүүрсний үнийг хязгарладаг хирнээ нөгөө гараараа татварын дарамт үзүүлдэг байна. Жишээлбэл: 2022 онд Татварын ерөнхий газраас 2016-2019 оны татварыг хугацаандаа төлөөгүй хэмээн 10.8 тэрбум төгрөгийн алдаги, 2020-2022 оны татварыг хугацаандаа төлөөгүй гэж 11.8 тэрбум төгрөгийн алданги ноогдуулжээ. Төрөөс нүүрсний үнэ тарифыг тогтоож, алдагдалтай ажиллаж байгаа үед татварын газраас алданги ноогдуулж буй асуудлыг бодлогоор зогсоох хэрэгтэй санагдлаа.
  • Гурилын үйлдвэрүүд 36 төрлийн татвар, гаалийн хөнгөлөлтөөр жилд 211 тэрбум төгрөг авдаг, эрчим хүчний салбар жил бүр 25-30 тэрбум төгрөгийн татаа авдаг, газар тариалангийн салбар 1 тн улаан буудай тутамд 80 мян.төг-ийн татаас авдаг.  Гэтэл эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК нүүрсний алдагдлын зөрүүнээс улсын төсвөөс түүхэндээ нэг ч төгрөгийн татаас авч байгаагүй чадан ядан ажиллаж улс орноо гал алдуулахгүй зүтгэсээр л байна. 
  • Нүүрсний үнэ нэмэгдэхээр дагаад цахилгааны үнэ өснө тэгэхээр бүх юмны үнэ өснө гэсээр байгаад эрчим хүчний нүүрс олборлогч гол уурхайгаа элгээр нь хэвтүүлчихсэн. Нүүрсний үнээс үл шалтгаалаад бүх юмны үнэ өссөөр… Жишээлбэл: 2023 онд 2200 төгрөг байсан АТАР талх өнөөдөр 2500 төгрөг болж 13.6 хувиар, 2813 төгрөг байсан нэгдүгээр гурил өнөөдөр 3100 төгрөг болж 10.2 хувиар,1188 төгрөг байсан 1 кг төмс өнөөдөр 1855 төгрөг болж 55.7 хувиар өссөн байна.
  • Багануур ХК улсын төсөвт жил бүр 30-33 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлдэг, нийслэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн 99.4%-ийг, Багануур дүүргийн татварын орлогын 46%-ийг дангаараа бүрдүүлдэг байна. Мөн түүнчлэн жилд дунджаар 359.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг шууд бусаар нийгэмд үзүүлж байна.
  • Багануур ХК нийгмийн  хариуцлагын  стратеги боловсруулан хэрэгжүүлсэн, уул уурхайн анхдагч компаниудын нэг юм. Түүнчлэн Монгол улсад нөхөн сэргээлт хийсэн анхдагч уурхайнуудын нэг. ЭКО уурхай. 2022 оноос хойш нийт 21637 ширхэг 2-3 настай суулгацыг хамгаалалтын зурвас, голын нөхөн сэргээлтэд тарьж, хашиж хамгаалан арчилж байна. 2023 онд дэд бүтэц бүхий 5 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 400 мянга орчим улиас, бургас, шинэс, хайлаас, гүйлс, голт бор, шар хуайс модны тарьц суулгацыг модлог мөчрөөр болон үрээр бойжуулж байна. Хустайн байгалийн цогцолборт газраас 40 ш Монгол тарвага авчирч компанийнхаа эдэлбэр талбайд нутагшуулах ажлыг 2024 оноос эхлүүлжээ. Тарвагыг хээрийн инженер гэдэг. Нөхөн сэргээлтэд нөлөөтэй ажил болжээ.
  • “Багануур” ХК нь 1122 ажилтантайгаар олборлолтын үйл ажиллагаа явуулж, эх орон, элгэн саднаа илч гэрэл, халуун дулаанаар хангаж, эх орныхоо гал голомтыг сахих үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна. Санхүүгийн хувьд алдагдалтай, мөнгөн урсгалын дутагдалтай байгаа ч үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтоо 100 дээш хувиар биелүүлэн ажиллаж байгаа нь уурхайчдын сэтгэл зүтгэл гэмээр. Монгол улсын эрчим хүчний нүүрсний гол тулах цэг байж, цаг цагийн хүндрэлийг давж ирсэн уурхайнхаа нөхцөл байдлыг мэдэрч төр засаг нүүрсний үнийг нэмэгдүүлнэ гэж уурхай уурхайчид нь хүлээсээр байна…
  • Дэлхийн томоохон гүрнүүдийн дунд геополитикийн зөрчилдөөн ихтэй байгаа энэ үед манай улс томоохон эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх боломж хэцүү. Тиймээс нүүрсний уурхайнуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, санхүүгийн чадавхыг нь  сайжруулчихвал, эрчим хүчний найдвартай байдлаа хангахад чухал ач холбогдолтой. Гэтэл Монгол улс олон улсын хэмжээнд ногоон эрчим хүчний бодлогыг дэмжинэ гээд зарласан нь эргээд нүүрсний уурхайнуудад олон улсын хөнгөлөлттэй зээл олдохгүй байдалд хүргэсэн байна.
  1. Нүүрсгүй бол эрчим хүчгүй, эрчим хүчгүй бол улс үндэстэн үгүй. Гэвч бид өнгөцхөн боддог. Жишээ нь: өрхийн нэг гишүүний гар утасны төлбөр сард дунджаар 30-40 мянган төгрөг гардаг. Бид ямар ч асуудалгүй төлдөг. Гэтэл гэр бүлийн бүх гишүүдийн хэрэглэсэн цахилгааны төлбөр сард 30-40 мянга гарахад цахилгааны үнэ их гарлаа гэж хямардаг.
  1. Багануур ХК 2025-2027 онд нийт 307.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихвэл нүүрс олборлох жилийн хүчин чадал нь 8.3 сая.тн болж өсөх бүрэн боломжтой гэсэн тооцоолол бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *