Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа.

Энэ үеэр тэрээр “Та бүхэнд “Баярлалаа” гэдэг үгийг зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсэж байна. Тиймээс голомтод ажиллаж буй эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим эмч, мэргэжилтнүүдэд Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандивласан хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал олгох болно” гэсэн юм.

ХӨСҮТ өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийжээ. Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр тус төвд 177 хүн тусгаарлагдан, ажиглалтад байна.

Манай улс дэлхий улс орнуудын коронавируст халдварын эсрэг хэрэглэж буй эм бэлдмэл, эмчилгээ үйлчилгээг бүгдийг хийж байна. Тухайлбал сэжигтэй тохиолдол бүрт үндсэн оношлуураар тест хийж, дараа нь ХӨСҮТ-ийн төв лабраторийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа юм.

Тус төвд лабраторийн баг, тандалтын эмч, сувилагч зэрэг 200 орчим эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүнээс 100 орчим нь коронавируст халдварын голомтод ээлжээр ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү танилцууллаа.

ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байна. Энэхүү баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний хамгийн ойр хавьтагчийг олж илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг авах бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж Улсын Онцгой комиссын шуурхай штаб болон, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох газруудад хүргүүлдэг.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *