Долоо хоног үргэлжилсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган өнөөдөр хаагдаж байна.
Чуулганы төлөөлөгчид өнгөрсөн Баасан гарагт Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийн хугацааг албан ёсоор баталсан юм. Бямба гарагт Хятадын хоёр дахь өндөр албан тушаал болох төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар Ши Жиньпиний ойрын хүрээний хүн гэгддэг Ли Чянийг мөн баталжээ.
Шанхай хотын коммунист намын үүрийн дарга асан тэрбээр хоёр бүрэн эрхийн хугацаанд буюу 10 жилийн хугацаанд энэхүү албан тушаалыг хашсан Ли Көчянийг залгамжилж байна.
Ши Жиньпин засгийн газрынхаа гол албан тушаалуудад халаа сэлгээ хийсэн ч Хятадын Төв Банкны ерөнхийлөгч И Ган, сангийн сайд Лю Күн нарыг хэвээр үлдээсэн нь төсөөлж байгаагүй шийдвэр байв. Энэ хоёр хүний нас тэтгэврийн насны албан ёсны босго болох 65-ыг даваад байгаа юм.
“Эдийн засгийн чухал нөлөө бүхий албан тушаалтнуудыг хэвээр үлдээсэн нь тогтвортой байдлыг эрхэмлэж буйн шинж бололтой” гэж Economist Intelligence Corporate Network байгууллагын Хятадын асуудал хариуцсан захирал Мэтти Бекинк дүгнэжээ.
Хятадын засгийн газар 2023 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо өнгөрсөн оны 3 хувиас 5 хувь болгож өсгөсөн нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хамгийн багаар төлөвлөсөн хэрэг байв.
Өнөөдөр Ши Жиньпин чуулганыг хааж хэлсэн үгэндээ эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэх, Тайванийн хоолойн хоёр талын харилцааг энх тайванч арга замаар хөгжүүлэхийг чуулганы төлөөлөгчдөд уриалжээ.
Ингэхдээ тэр Тайвань арлыг тусгаар тогтнуулах зорилготой аливаа үзэл санааг шийдвэртэй эсэргүүцэхээ амласан байна.