Пүрэв гарагт Энэтхэгийн нийслэл Дели хотод үргэлжилсэн Их 20-ын бүлгийн чуулганы үеэр АНУ, ОХУ-ын гадаад бодлогын тэргүүнүүд уулзсан байна.

Тэд Украинд дайн эхэлснээс хойш анх удаагаа нүүр тулж уулзсан нь энэ юм.

Энтони Блинкен, Сергей Лавров нарыг 10 хүрэхгүй минутын хугацаанд ярилцаад салсныг АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч баталсан бол харин ОХУ-ын гадаад хэргийн яам тэднийг “зөрж өнгөрөхдөө цөөн үг солилцсон” гэж мэдээлжээ.

“Эзлэн түрэмгийлэх дайнаа даруй зогсоож, энх тайван, шударга ёсыг урт хугацаанд тогтоох утга учиртай дипломат яриа хэлэлцээнд шилжихийг би гадаад хэргийн сайдад (Сергей Лавров) уриаллаа” гэж Блинкен мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Тэр бас цөмийн зэвсгийг хязгаарлах “New START” гэрээнд Орос улсыг дахин нэгдэхийг уриалж, уг гэрээнээс гарах Москвагийн эрх баригчдын шийдвэрийг “хариуцлагагүй үйлдэл” гэж анхааруулснаа мэдээлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова дээрх уулзалт болсныг баталсан ч юу ярилцсан талаар мэдээлэл өгөөгүй байна.

Блинкен, Лавров нар хамгийн сүүлд 2022 оны нэгдүгээр сард Швейцарын Женев хотод нүүр тулан уулзаж байсан юм.

Өчигдөр Их 20-ын бүлгийн чуулганд үг хэлэхдээ Лавров дайныг үргэлжлүүлэхэд нь Киевийн эрх баригчдад тусалж буй Өрнөдийн орнуудыг ширүүн шүүмжилж байв.

Украины дайны асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадаагүйн улмаас Их 20-ын бүлгийн гадаад хэргийн сайд нар өчигдөр хамтарсан мэдэгдэл гаргаж чадаагүй юм.

Дээрх бүлэгт дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй 19 улсаас гадна Европын Холбоо багтдаг. Их 20-ын бүлгийн гишүүн орнууд дэлхийн хүн амын гуравны хоёрыг бүрдүүлж, эдийн засгийн гарцын 85 хувийг үйлдвэрлэдэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *