Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалжээ.
Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг батлан хэрэгжүүлж байгаа. Журмын хүрээнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалсан байна.
Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “Цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох хүсэлт ирүүлжээ.
Мөн “Бусад байдлаар худалдан борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлсэн байна. Түүнчлэн журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэжээ.
Эдгээр хэрэгцээ шаардлагын хүрээнд Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал эсвэл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилж, арилжааны дэнчинг 10 хувиас таван хувь болгож бууруулахаар тогтлоо.