Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын XI, XII ээлжийн мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар ахалж, арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:-Монгол Улсын XI ээлжийн мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны газар орны бодит байдалтай танилцах,– НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцох,– Цэргийн багт шаардлагатай ажиллагааны газар орны зах зээлээс худалдан авах боломжтой бараа материалыг судлах, худалдааны байгууллагуудтай танилцах, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулах,– Цэргийн багийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх,– Мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцэх ажиллагааг зохион байгуулж, дараагийн ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.Улмаар XII ээлжийн мотобуудлагын батальоноос тус ажиллагааны шинэ газар оронд мотобуудлагын ротыг үүрэг гүйцэтгүүлэх болсонтой холбогдуулан ажлын хэсэг 12 дугаар сарын 06-ны өдөр секторын удирдлагатай уулзаж, мотобуудлагын ротын үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай асуудлаар харилцан санал солилцож, цэргийн алба хаагчдын ажиллах, үүрэг гүйцэтгэх орчин, нөхцөлтэй танилцаж үүрэг чиглэл өгчээ. Мөн Юнити секторын командлагч бригадын генерал Купер Майк Мужунитай ажлын уулзалт зохион байгуулж, секторын үйл ажиллагаатай танилцан, үүрэг гүйцэтгэлт, үер усны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон байна. Юнити мужид сүүлийн 60 жилд болоогүй үер усны гамшиг үргэлжлээд хоёр дахь жилдээ үер усны хүнд нөхцөлд энхийг сахиулах ажиллагаа явагдаж байна.