Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байна.
Сонгуулийн хуулийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны дотор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, СЕХ болон Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй бөгөөд АН өнгөрсөн бямба гарагт ҮБХ-ныхоо ээлжит XI хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталснаа ийнхүү хүргүүлж байгаа юм. АН-ын мөрийн хөтөлбөрийн гол цөм бол Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд нэмэгдүүлэх чиглэлээр үндэслэлтэй тооцоо судалгаа хийж, боловсруулсан гэж УИХ-ын гишүүн З.Нарантуяа мэдээлэв.
Тэрбээр, АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол өрх- Хөгжлийн бодлого” нэртэй. Монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт хийх бодлого боловсруулсан. Иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сая төгрөг болгоно. Иргэдэд үнэгүй орон сууц олгохыг чухалчлахгүй гэв.
Ардчилсан Нам мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл болсон ТББ, ААН, холбоод, эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 20 гаруй мянган иргэдийн саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулсан байна.
Мөн намын гишүүд, дэмжигчдээс гадна Үндэсний бодлогын хорооны гишүүд, бодлогын зөвлөлийн саналууд мөрийн хөтөлбөрт тусгасан гэдгийг намын дарга С.Эрдэнэ мэдээлсэн юм.
Мөрийн хөтөлбөрийн төсөл Үндэсний аудитын газраас батлагдмагц орон даяар танилцуулах ажлаа эхлэх юм байна.