Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.
Энэ үеэр Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од эмнэлгийн үйл ажиллагаа, сүүлийн үед хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, шинээр нэвтрүүлсэн тоног төхөөрөмжүүдийн талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулсан юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн үргэлжлүүлэн тус эмнэлгийн өдрийн эмчилгээний тасаг, шүдний эмчилгээний кабинет, дүрс оношилгооны тасаг, цахим бүртгэлийн хэсгийн тохижилт, үйл ажиллагаа болон хурандаа А.Даваасамбуу агсны нэрэмжит өрөө, мэс заслын өрөөнүүд, хүчилтөрөгчийн үйлдвэр, хүүхдийн тасгийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцав. Мөн Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Тоног төхөөрөмжийн шинэчлэл-2” төслийн явцтай танилцаж шинээр суурилагдсан орчин үеийн ламинар урсгал бүхий вакум мэс заслын өрөөг нээж тууз хайчлах ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.
Төгсгөлд нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч, ажилтан албан хаагчидтай уулзалт хийж сүүлийн үед батлан хамгаалах салбарт өрнөж буй томоохон бүтээлч ажлуудын талаар мэдээлэл хийсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *