Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр УЕПГ-ын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажилд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал 2013 оноос хойших шийдвэрлэсэн болон шалгаж байгаа хэргийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Прокурорын хяналтад 2013-2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 36 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 89%-ийг АТГ, 11%-ийг ЦЕГ шалгасан.
- АТГ нийт 32 гомдлоос 28-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дөрөвт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан.
- ЦЕГ нийт дөрвөн гомдлын гуравт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, нэгд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан.
Түүнчлэн 2012-2017 онд нийт долоо, 2018-2022 онд нийт 29 гомдол мэдээлэл хүлээн авсан.
Хэрэг бүртгэлтийн 32 хэргээс 16 хэрэгт холбогдох 72 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол найман хэргийг хаасан байна.
Мөн энэ хугацаанд мөрдөн байцаалтын 16 хэрэгт ажиллагаа явуулснаас гурван хэргийг шүүхэд шилжүүлж, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон.2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 39 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 22-т нь хэрэг бүртгэлтийн шатанд нотолгоо цуглуулж, 17 хэргийг мөрдөн шалгаж байна. Тодруулбал,
- 2013 онд хамаарах хоёр хэрэг
- 2015 онд хамаарах нэг хэрэг
- 2017 онд хамаарах хоёр хэрэг
- 2018 онд хамаарах гурван хэрэг
- 2019 онд хамаарах нэг хэрэг
- 2020 онд хамаарах зургаан хэрэг
- 2021 онд хамаарах зургаан хэрэг
- 2022 онд хамаарах 14 хэрэг
Энэхүү 39 хэргийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл:
- 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн
- 53 хүнд холбогдох 13 хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгаж байна
- 22 хэргийг хэрэг бүртгэлтийн ажиллагаанд шалгаж байгаа юм.
Нүүрсний гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн 17 хэрэгт 76 хүнийг яллагдагчаар татсан.
- 36 нь нийтийн албан тушаалтан
- 31 нь ААН-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан болон бусад
- Долоо нь Монгол Улсын иргэн
- Хоёр нь БНХАУ-ын иргэн
Хойшлуулшгүйгээр 15 хүнийг сэжигтнээр баривчилсан. Мөн яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний хувьд:
- 38 хүнд хувийн баталгаа гаргасан
- Гурван хүнийг тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн
- 22 хүнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон
- Арван хүнийг цагдан хорьсон
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны багт АТГ-ын 25, ЦЕГ-ын 58 мөрдөгч, НПГ-ын 12 прокурор хяналт тавьж ажиллаж байна. Энэ хугацаанд 2,871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 139 үзлэг, 71 нэгжлэг хийсэн.
Прокурорын байгууллагаас 118 зөвшөөрөл олгосноос холбогдох байгууллагаас мэдээлэл гаргуулахад 18, нэгжлэг 78, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах 22 зөвшөөрөл хамаарах юм” гэж ярилаа.