Огноо: 2022/10/31
Эрхэм хүндэт Ерөнхий сайд,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
“Экспортлогч үндэстэн-шинэ сэргэлтийн бодлого” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хамтран зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг дэмжин ажиллаж буй Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хамт олонд мөн талархал илэрхийлье.
Экспортын чиг баримжаатай, өндөр бүтээмжтэй, төрөлжсөн эдийн засгийг бий болгох нь манай улсын дунд, урт хугацааны хөгжлийн нэн чухал зорилт юм. Энэхүү зорилтыг судлаачдын түвшинд, төрийн байгууллагуудын түвшинд хэлэлцдэг боловч бодитой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн оны байдлаар нийт экспортын барааны 92 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж, сүүлийн 20-иод жилийн хугацаанд уул уурхайн бус экспортын нийт экспортын бараанд эзлэх хувь хэмжээ даруй 6 дахин буурчээ. Ийнхүү манай эдийн засаг эрдэс бүтээгдэхүүний орлогоос улам ихээр хамаарч гадаад, дотоод өөрчлөлтөд эмзэг болж байгаа нь уул уурхайн бус салбар, түүний экспортод онцгой анхаарал хандуулах шаардлага бий болсныг илэрхийлж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэмүү өртөг шингэсэн экспортод чиглэсэн аж үйлдвэрлэлтийг дэмжих, үүнд шаардлагатай хил, боомтын дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавин эрчимтэй ажиллаж байгааг энд онцлон дурдья. Түүнчлэн, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, дэмжих талаар анх удаа тусгасан боловч үүнийг бодитой ажил хэрэг болгож үр дүнд хүрэхэд Засгийн газрын манлайлал тэргүүн зэргийн ач холбогдолтой байна.
2023 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд Монголбанкнаас тус салбарыг дэмжих зорилтын хүрээнд уул уурхайн бус экспортод чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйчилгээг нэвтрүүлэх зорилтыг тусгалаа. Монголбанк 2020 оноос урт хугацаатай, харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлтэй репо санхүүжилтийн хэрэгслийг уул уурхайн бус экспортлогчдод чиглүүлж, одоогийн байдлаар 79 экспортлогч аж ахуйн нэгжүүдэд, 108 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгоод байна. Энэ онд ноолуурын салбарыг чиг баримжаа болгож Монголбанкнаас ноолуурын салбарын экспорт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тодорхой ажлуудыг гүйцэтгэж үр дүнгээ өгч эхлээд байна. Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ гэж дан ганц хөнгөлөлттэй зээлийг ойлгох нь өрөөсгөл ойлголт юм. Энэ нь даатгал, баталгаа, төлбөр тооцоо, зээлийн барьцаа зэрэг өргөн агуулгатай бөгөөд дан ганц төрийн байгууллагын эх үүсвэрт тулгуурлахаас илүүтэй олон улсын санхүүгийн байгууллагуудын эх үүсвэр, хувийн секторын санхүүгийн эх үүсвэрийг төрийн дэмжлэгтэйгээр дайчлах тухай асуудлыг ойлгож болно. Ингэхийн тулд Монголбанк бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагын хувьд хөшүүргийн арга хэрэгслүүдийг дайчлан ажиллах бололцоотой юм.
Түүнчлэн, уул уурхайн бус экспортын боловсруулалтыг шат ахиулж, экспортыг дэмжихэд чиглэсэн гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжтэй санхүүжилтийн зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх зорилтыг ирэх жилд хэрэгжүүлнэ. Ингэхдээ,
- олон улсын сайн туршлагад тулгуурласан,
- зах зээлийн зарчимд суурилсан,
- тогтвортой бөгөөд хүртээмжтэй байх зарчмыг баримталж,
- экспортын болон худалдааны санхүүжилтийг тогтолцоог бүрдүүлэхэд илүүтэй анхаарах болно.
Эрхэмсэг хатагтай, ноёдоо,
Экспортыг дэмжих, төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх, санхүүжүүлэх асуудал нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, худалдааны түнш орнуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болох өргөн хүрээний шийдлийг шаардана. Тиймээс энэхүү үндэсний чуулганы ач холбогдол нь олон талуудыг урьж оролцуулснаар
- уул уурхайн бус экспортлогчдод тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх,
- шийдлийг хамтран эрэлхийлэх,
- экспортыг дэмжих, хөгжүүлэх нэгдсэн бодлого, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх,
- дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхэд оршино гэж үзэж байна.
“Экспортлогч үндэстэн-шинэ сэргэлтийн бодлого” үндэсний чуулган үр дүнгээ өгч, цаашдын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарна гэдэгт итгэж байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.