УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөв болон 2024-2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг эцэслэн батлах ёстой.
Анх удаа 18.9 их наяд төгрөг олж, 20.5 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн.
Гэвч төсвийн алдагдлыг дахин нэмэгдүүлсэн, орлогодоо барьж чадаагүй 2023 оны төсвийн төслийг шүүмжилж УИХ-ын Т.Доржханд үг хэллээ.
“Дуусаагүй баахан барилгуудаа дуудлагаар зарчхаач ээ”
2005 оноос Монгол Улсад төсвийн сахилга бат байхгүй болсон. Төсвийн хүрээг 3 жилээр төлөвлөж, алдагдлыг хязгаарладаг байя гэсэн ч цаас болчихлоо.
Олон улсын байгууллагад санхүү, мөнгө босгоход үүнийг л үзүүлдэг. Нэг жилийн төсөв үзүүлдэггүй. Хоёр гол бичиг баримтыг л хардаг. Нэг нь, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн жагсаалт. Албан ёсны бичиг баримт нь Төсвийн хүрээний мэдэгдэл байдаг. Түүнийг харж яриа хэлэлцээр хийдэг. Гэтэл энэ маань бодитой биш, хэрэгждэггүй, анхны зорилгоосоо хазайчихлаа.
Сангийн яам ер нь цаашаа төсвийн бодлогоо авч явж чадах юм уу? Төсвийн хүрээний мэдэгдэл дээр алдагдал цаашаа өсөөд явахаар харагдаад байна. Нэг удаа ч гэсэн орлогын түвшинд хязгаарлаж болохгүй байгаа юм уу? Цаашдаа эдийн засаг сайн ч, муу ч үед тэлж явсаар ямар ч орон зайгүй боллоо. Нэг ширхэг цахилгаан станц барих эх үүсвэр байхгүй. Газар доор дэд бүтцийн санхүүжилт хийх боломж байхгүй. Хөгжлийн асуудал санхүүжүүлэх ямар ч боломжгүй болчихлоо.
Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент санхүүжүүлдэг төсөв болчихлоо. Ирэх жил 2023 онд төгрөгөөр нэг ширхэг хөрөнгө оруулахгүй гэж байгаа ч манайх угаасаа өрөөгүй болчихсон. 2024-2026 онд ямар ч боломж байхгүй. Урсгал зардлын 2 төгрөг тутмын ₮1 нь халамж. Хөрөнгө оруулалтын зардал дандаа цемент зуурдаг. Үр дүн байхгүй. Энийгээ хязгаарлахгүй юм уу. Ядаж төсвийн хүрээн дээрээ алдагдалгүй байж болохгүй юм уу, нэг удаа ч гэсэн.
Хоёр дуусаагүй баахан барилгууд байна. Эд нарыгаа дуудлагаар зарчхаач ээ. Он дамжиж явсан энэ үр ашиггүй баахан цементүүд чинь өнөөдөр баахан урсгал зардлыг нэмээд үр дүнд нь ийм их тэлэлттэй байна. Гэтэл тэр дуусаагүй барилгуудын газар нь иргэд, бизнес эрхлэгчдэд олдохгүй. Зөвхөн дуудлага худалдаагаар зарлаа гэхэд газар нь үнээ нөхчихнө. Ийм байдлаар зардлаа хязгаарлах ажлыг одооноос л хийхгүй бол Монгол Улс дампуурлаа” гэв.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн түүний хариуд байр сууриа илэрхийлж 100% санал нэг байгаагаа хэллээ.Сүүлийн 10 жилд Төсвийн хүрээний мэдэгдэл 11 удаа , Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 13 удаа өөрчлөгдсөн.
Энэ асуудалд бодитой үнэлэлт өгч цэг тавих шаардлага байгаа гэдгийг тэрбээр хэлээд Төсвийн хүрээний мэдэгдлийг цаашдаа төсвөөс тусдаа хэлэлцдэг байх, ач холбогдлыг өндөрсгөх хуулийг оруулж ирж байгаа гэдгийг мэдэгдэв.
Мөн удахгүй Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах, уг хуульд өөрчлөлт оруулах босгыг өндөрсгөх, Төсвийн хүрээний мэдэгдлийг диийлэнх олонхоороо өөрчилдөг байх зэрэг өөрчлөлтийг оруулж ирж байж хяналт ил тод байдал сайжирна гэв.