Тэрбээр “Архинд донтсон хүний тоог авч үзвэл 21-ээс дээш насны иргэдийн дунд 90,000 орчим буюу 6.2 хувийн тархалттай байна. Жилдээ гарч буй согтууруулах ундаатай холбоотой осол гэмтэл 16,000 руу дөхөж байгаа бол гэмт хэрэг зөрчил 22-23 мянга. Эдгээр тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь хамгийн их аюултай. 
Согтууруулах ундаатай холбоотой гарч буй гэмт хэрэг, зөрчил, осол гэмтлийн шалтгаанаар ангилахад 38-40 градусын өндөр хатуулагтай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаргасан нь зонхилж байна” гэлээ. 
Үргэлжлүүлэн тэрбээр “Архины зохисгүй хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол татварын бодлого. Манай улсад согтууруулах ундааны хэрэглээний дийлэнх хувийг 38-40 градусын архи эзлэх бөгөөд үүнд ногдуулах онцгой албан татвар нь 26 градустай согтууруулах ундаанд ногдох татвартай ижил байна. Энэ хэмжээ жил бүр 200-300 төгрөгөөр нэмэгдэж, одоогоор 26-40 градусын согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татвар нь 6,960 төгрөг. 
Харин иргэдийн төдийлөн хэрэглэдэггүй 40-өөс дээш градусын согтууруулах ундааны онцгой албан татвар нь үүнээс 2.4 дахин өндөр байгаа. 
Энэхүү татварын бодлогыг шинэчлэх хэрэгтэй” гэлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр өндөр хатуулагтай согтууруулах ундаанд тавих онцгой албан татварыг 15,660 төгрөг болгон нэмэгдүүлэх санал гаргаж байгаа аж.
Тус газраас өгсөн мэдээлэлд “Өнөөдрийн шатлалаар 0-25% хатуулагтай согтууруулах ундаанд 3,480 төгрөг, 25-40% хатуулагтай архи, согтууруулах ундаанд 6,960 төгрөг, 40%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундаанд 15,660 төгрөгийн татвар ногдуулж байна.
Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжсэнээр 10 жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны хатуулгийг жил бүр хоёр хувиар бууруулна. Тодруулбал, хоёр хувь буурсан эхний жилд 36%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 6,960 төгрөгөөс 15,660 төгрөг болж нэмэгдэх юм.
Улмаар жил бүр хоёр хувиар бууруулж, 10 жилийн дараа 18%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундаа өндөр татвартай ангилалд шилжсэн байх юм” гэлээ. 
Ерөнхий сайд гарын үсэг зурснаар уг зарлиг хүчин төгөлдөр болох аж. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *