Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргажээ.
Ерөнхийлөгийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн зарлигийг танилцууллаа.
“Архи, согтууруулах ундааны асуудлыг зөв зохистой авч үзэхгүй бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийг гаргалаа. Тус зарлигт
- Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулагтай архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болоод эрх зүйн өөрчлөлт хийх
- Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 градусын хатуулагтай архи согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх
- Архи согтууруулах ундаанд оногдуулах ОАТ-ын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи согтууруулах ундааны хор уршигийг нийгэмл таниулж соён гээгээрүүлэх чиглэлд зарцуулах
- Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны арга хэмжээ, хүлээн авалтанд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундааг хэрэглэхийг бүр мөсөн хориглох
- Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Архи согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, боорлуулалттай тэмцэх арга хэлбэрийг боловсруулах, цахим техник, технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд оногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах
- Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын суурь хөтөлбөрт хор уршгийг таниулах агуулгыг тусгах
- Баяр ёслол, тэмдэглэлт өдөр ажлын байран дээр өндөр агууламжтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай гэжээ.
Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд цаг тухай бүрд мэдээлж, тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр өгч байхыг Монгол Улсын Засгийн газар, Л.Оюун-Эрдэнэд чиглэл болгосугай гэжээ”.
Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан
Манай улсын 21-ээс дээш насны нэг хүнд 55 литр согтууруулах ундаа ногдож байна. Үүн дотроо спиртын ногдох хэмжээ 12 литр байна. Энэ нь ДЭМБ-аас тогтоож байгаа дунджаас даруй хоёр дахин өндөр байгаа үзүүлэлт юм. тухайлбал ДЭМБ энэ тоо 8-9 литр байх юм бол үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг. Манай улс архины шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Зохисгүй хэрэглээгээрээ мөн тэргүүлж байна. Хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. 21-ээс дээш насны 90 мянган хүн архинд донтсон байна. Жил ирэх тусам согтууруулах ундаатай холбоотой осол, гэмтэл нэмэгдсээр байна. 38-40 градусын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүмүүс хамгийн их гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдаг. Ингээд өнгөрсөн хугацааны бодлогуудыг харж, судалгаа хийж үзэхэд согтууруулах ундааны үндсэн хэрэглээний дийлэнх хувийг эзлээд буй 38-40 градусын архины татвар 26 градустай согтууруулах ундаанд ногдож байгаа онцгой албан татвартай ижил байна. Энэ нь жилд 200-300 төгрөгөөр нэмэгдэж ирсэн. Ингээд 25-40 градусын онцгой албан татвар нь ердөө 6960 төгрөг байна. 40 градусаас дээш согтууруулах ундааны татвар 2.4 дахин өндөр байна. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийн дунджаас хоёр дахин бага татварыг ноогдуулж, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг дэмжиж иржээ. Архи согтууруулах ундааны асуудалд цаашдаа цлгц бодлого явуулах ёстой. Архины зохисгүй хэрэглээг бууруулах үндсэн 10 төрлийн арга байдаг. Энэ төрлийн хэрэглээг багасгахад залуусын цаг завыг зөв өнгөрүүлэх боломжоор хангая. 38-40 градусын согтууруулах ундаа нь хүний эрүүл мэндийг асар ихээр хохироож, мэдрэлийн эсийг үхүүлж, өвчлөлийн эх үүсвэр болдог. Архины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүний эсрэг цогц бодлого ерөөсөө хэрэгжүүлж байгаагүй юм байна. Тиймээс ирээдүйн 10 жилийг олж харсан арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэйг судалгааны үр дүн харуулж байгаа юм. Тиймээс ерөнхийлөгчийн зарлиг гарч байгаа юм.