Тодорхой нэгэн арга хэмжээ авснаар архидалтын сөрөг үр дагавар нь буурсан жишээ, баримт July 22, 2022August 22, 2022 Тодорхой нэгэн арга хэмжээ авснаар архидалтын сөрөг үр дагавар нь буурсан жишээ, баримт бий юу?-Өмнө нь хэлсэн Канадын жишээ байна. Мөн АНУ-д татварыг гурван хувиар нэмэгдүүлэхэд спирт, архины хэрэглээ 5.1 хувиар, шар айрагны хэрэглээ 3.2 хувиар буурсан. Энэ нь хүн амын өвчлөлд ямар нөлөө үзүүлснийг судалсан. Татварыг 10 центээр нэмэгдүүлэхэд авто осол долоон хувиар, элэгний хатуурал 32 хувиар буурсан байна. Харин шар айрагны үнийг 20 центээр нэмэхэд 15-24 насны залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин 9-30 хүртэлх хувиар буурсан гэх зэрэг жишээ байна. Гол нь зөв бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь анхаарч чадвал маш өндөр үр дүнд хүрэх боломжтой.Тухайлбал, архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад шаардлагатай арга хэмжээнүүдийг, тухайлбал, онцгой албан татварын бодлого, худалдаалах цэгүүд, ажлын байран дээрх сургалт зэргийг тус тусад нь судалж байгаа. Жишээ нь, татварыг 40 хувиар нэмбэл нэг жилийн дотор хэрэглээ хэдэн хувиар буурах вэ, 50 хувиар нэмэгдүүлбэл хэдэн хувиар буурах боломжтой вэ гэдгийг судалгаагаар гаргаж ирж байна. Эндээс үзэхэд бодлогоо гаргаад хэрэгжүүлж чадвал архи, согтууруулах ундааны хэрэглээг 20 хувиар бууруулж чадна. Үүн дээр үндэслэн бодлогоо боловсруулаад явж байна.–Та эерэг үр дүнгүүдийн талаар цухас дурдлаа. Та өөрөө эмнэлгийн захирал, салбарын сайд байсан эмч хүн. Таны хувьд өөрийнхөө итгэл үнэмшлээр үнэхээр зөв, зохистой бодлого боловсруулаад, хэрэгжүүлээд эхлэх юм бол ямар эерэг үр дүнгүүд шууд харагдах байх гэж бодож байна вэ?-Гарах үр дүн нь ерөнхийдөө тодорхой. Жишээ нь, сар бүрийн 01-ний өдөр архи зардаггүй байсан. Энэ өдрүүдэд үр дүн гараагүй биш, гарсан. Би үүнийг биеэрээ мэдэрсэн. Намайг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн дарга байхад яаралтай тусламжийн тасагт өдөрт 400-500 хүн ирдэг байсан. Архи зардаггүй өдөр энэ тоо 50 хувиар буурдаг. Гэтэл үүний хажуугаар сөрөг үр дагаврууд гарч байсан. Архи зарахгүй болохоор ахуйн архидалт үүсдэг. Үүнээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэл гардаг. Энэ мэтчилэн бодлого хэрэгжүүлэхдээ ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдгийг маш сайн тооцоолох ёстой.Өндөр градустай архины татварыг нэмэхээр өндөр градустай архи хэрэглэхийг хүссэн хүмүүс хямд төсөр зүйл хайна. Үүнээс үүдээд бидний ярьдаг “шаглах” гэдэг зүйл бий болно, хууль бус бизнес хөгжих боломж гарч ирнэ. Энийг хөгжүүлэхгүй байх ямар боломж байна вэ, ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бусад улс орны жишээг харж, сөрөг үр дагаврыг хэрхэн арилгахаа тооцож, цогц бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүйгээр дан ганц татварын бодлогоор явах юм бол үр дүн муутай, мөн үүнээс гарах сөрөг үр дагаврууд нь нийгэмд илүү их асуудал авчирна. Share on FacebookShare on Twitter