Канад Улсад татварын хувь хэмжээг 10 хувиар өсгөхөд шар айрагны хэрэглээ нэмэгдсэн July 22, 2022August 22, 2022 Канад Улсад татварын хувь хэмжээг 10 хувиар өсгөхөд шар айрагны хэрэглээ нэмэгдсэн гэж хэллээ? Өндөр градустай архины хэрэглээ багасаад, зөөлөн архи руу хэрэглээ шилжиж байна гэсэн үг үү?-Хэрэгжүүлсэн бодлогоосоо хамаарна. Бүх төрлийн согтууруулах ундааны татварыг жигд 10 хувиар нэмэхэд архи, шар айраг, дарсны хэрэглээ буурсан. Хэрвээ хатуулагт нь тааруулсан татварын бодлого хэрэгжүүлбэл өндөр градустай архины хэрэглээ буурах, шар айрагны хэрэглээ нэмэгдэх, илүү зохистой хэрэглэх тал руугаа шилжих боломж бүрдэж байгаа юм. Хэрэглээг бууруулахын тулд урт хугацаандаа үр дүн өгөх, зөв, зохистой бодлого хэрэгжүүлэх ёстой.–Ер нь архидалт их байгаа нь улс орны хөгжлийн асуудал юм биш үү? Буурай хөгжилтэй орнуудад архидалт, донтолт их, харин өндөр хөгжилтэй, өрхийн орлого өндөр орнуудад зохистой хэрэглээтэй байдаг юм биш үү? Манай улс нийгмийн бусад асуудлаа шийдэхгүйгээр зөвхөн онцгой албан татвараар зохицуулж болох уу?-Энэ бол тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг асуудал. Үнэхээр ядуурлаас болоод архидалт үүсээд байна уу, архидалтаас болоод ядуурал бий болоод байна уу?Өнөөдөр ядуурлын шалтгаантай архидалт байгаа. Амьжиргааны доод түвшин, архидалт хоёр харилцан хамааралтай. Гэхдээ төр, засгийн бодлого ядуурлыг бууруулах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Гэтэл нөгөө талаас нь архины хэрэглээг бууруулах бодлогоо орхичихсон байна. Дэлхийн улс орнууд ядуурлын түвшин өндөр, нам байхаас үл хамаараад архины хэрэглээг бууруулах бодлогоо давхар аваад явж байгаа. Нэг талаасаа ядуурлыг бууруулах, нөгөө талаасаа архины хэрэглээг бууруулах бодлого хэрэгжүүлж байж богино хугацаанд өндөр үр дүнд хүрнэ.Бид энэ бодлогоо орхисноос болж хэрэглээ нэмэгдсэн. Архины хэрэглээ нэг түвшинд байсангүй, буурсангүй, харин өссөөр байна.2050 онд манай улсын хүн ам 5.3 саяд хүрнэ. Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ.Манай улсын насанд хүрсэн хүн амын 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй. 90 орчим мянган хүн. Бид бодлогоо боловсруулахгүй, энэ чигээрээ явсаар байх юм бол энэ тоо 200 мянгад хүрнэ. Жилд 10 мянган хүн архины хамааралтайгаар нас барна. Цар тахлаар алдсан хүний тооноос 5 дахин, жилээр нь тооцвол 10 дахин олон хүн нас барах эрсдэл ирээдүйд үүснэ. Бидний ярьдаг чимээгүй тахал бол архины хэрэглээ.–Хоёр жил үргэлжилсэн цар тахлын улмаас 2,100 хүн амиа алдсан, харин архины хамааралтайгаар жилд 4,500 хүн нас барж байна гэлээ. Энэ нь нэг талаар хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ч нөгөө талаар эмнэлгийн байгууллагуудын ачаалал, архи хэрэглэдэггүй мөртлөө гэмтэж, бэртээд ирсэн, өвчилсөн хүмүүст хандуулж болох анхаарал, төсөв, цаг хугацаа зэрэгтэй харилцан хамааралтай байх гээд байна, тийм үү?-Хорт хавдрын улмаас жилд 4,000 гаруй хүн нас бардаг. Гэтэл хавдрын шалтгааныг нь аваад үзэхээр 32 хувь нь архидалттай холбоотой байдаг. Хэрвээ бид хэрэглээг багасгаж, зөв зохистой болгож чадах юм бол энэ хүмүүс эмнэлэгт хандах шаардлагагүй болно. Тэр хэмжээгээрээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг шаардлагатай хүмүүст хүргэх боломж бүрдэж, манай улсад хийгддэггүй тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд зарцуулах ёстой цаг хугацаа уртасна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайжирна, хүртээмж нэмэгдэнэ.Мөн нийгэмд архины хэрэглээгүй үеийг бэлтгэх нь үр дүнгээ өгдөг. Хэд хэдэн улс ийм бодлогыг зөв, үр дүнтэй хэрэгжүүлсэн. Үр дүнд нь хэрэглээ маш бага орнууд гарч ирж байна. Бид тэр улсуудын туршлагыг манай улсын хөрсөн дээр буусан, онцлогт тохирсон байдлаар хөрвүүлж хэрэгжүүлэхийг л зорьж байна. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэггүй, эрсдэлгүй хэрэглэдэг нийгмийн үе гарч ирж чадах юм бол олон зүйл эрс өөрчлөгдөх боломж бүрдэнэ. Ийм суурь өөрчлөлтүүдийг хийх боломжтой учраас архидан согтууралт, архины зүй бус хэрэглээтэй тэмцэх нь чухал болоод байна. Share on FacebookShare on Twitter